Б.Мөнхсоёл: УИХ-ын гишүүд тойргийн сэтгэлгээгээ хаяж, улсын эрх ашгаа бодож төсвөө хэлэлцмээр байна
Эдийн засагч Б.Мөнхсоёлтой 2022 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Ирэх оны Төсвийн тухай хуульд зарлага болон орлогыг нэлээн тэлжээ. Зарлагыг гэхэд гурван их наядаар нэмсэн байна. Нэг талдаа төсвөө хэмнэе гэдэг боловч зарлагыг ингэж тэлэх нь хэр оновчтой вэ?
-Төсвийн хамгийн хоёр том зардал бол урсгал болон хөрөнгө оруулалтын зардал байдаг. Урсгал зардалд ордог цалин хөлс, тэтгэвэр, халамж нь зайлшгүй гарах ёстой зардал. Урсгал зардлаас төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, давхацсан ажлын байрыг цомхотгох, аливаа томилолтын зардал, бичиг хэрэг болон бусад нэн тулгамдаагүй зардал зэргийг танах боломжтой. Харин хөрөнгө оруулалтын зардлын тухайд төслүүдийн эрэмбийг авч үзэх нь тун чухал. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, шалгуур үзүүлэлтийн дагуу хийхээр зорьсон гэсэн боловч хөрөнгө оруулалтын төслүүдийг харахад шаардлагагүй, эдийн засгийн өсөлтөд шууд өгөөжөө өгөхгүй төслдүүд дахиад л нэлээн орсон байна. Энэ анх удаа ч яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн жилүүдэд цар тахалтай холбогдуулан төсвийн тодотгол хийхээр яригдаж байх үед л хөрөнгө оруулалтын нэн тулгамдсан бишийг хойшлуулах, болих зэрэг асуудал хөндөгдөж байсан. Гэтэл дахиад нөгөө л соёлын төв, спорт заалууд, байршлаа олоогүй зуслангийн асуудал гэх мэт төсөв хэмнэж болохуйц төслүүд орсон байна. Өөрөөр хэлбэл, эрэмбэлсэн гэх боловч шалгуур үзүүлэлт нь яг юу байсан нь тодорхойгүй, эрэмбэлж нарийн тооцоогүй мэт харагдаж байна.
Мэдээж, ирэх жилийн төсвийн төсөлд он дамжин үргэлжилж буй төслүүдийн асуудал анхаарал татаж байна. 2017-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан боловч энэ онуудад 4.3 их наяд төгрөгийн ажил л хийгдсэн байна. Төлөвлөж, тооцсон хэмжээндээ санхүүжилт гараагүй гэсэн үг. 2021 оны 9 сарын 29-ний байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 43.2%-тай буюу 728.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тэгэхээр ажил хугацаандаа хийгдэхгүй байгаагийн бодит шалтгаануудыг нарийн судалж хөрөнгө оруулалтын төслүүдийг хугацаанд нь хийдэг байхад анхаарах ёстой. Үүнд яг д ТЭЗҮ нь бэлэн төслүүдээ оруулсан эсэх, тендер шалгаруулах процесс болон хугацаа, худалдан авалт гэх мэт олон шалтгаанууд нөлөөлсөн байх боломжтой. Тиймээс Үүний цаад шалтгааныг судлах хэрэгтэй. Цаашлаад барилга байгууламж батлагдсан ТЭЗҮ-дээ чанартай баригдаж байна уу, анхны өртөг өссөн үү, төсвөөс санхүүжилтийг хугацаанд нь хийсэн үү гэх мэт асуудал хөндөгдөх бөгөөд цаг хугацаа хойшлох тусам зөвхөн төсвийн ачааллаас гадна бусад эрсдэл дагуулна гэдгийг санах хэрэгтэй.
-Тийм шүү. Ялангуяа барилгын материалын үнэ ойрын жилүүдэд өссөн үү гэхээс биш буурсан тохиолдол байхгүй байх?
-Инфляц 9.5 хувьд хүрсэн, тэр дундаа барилгын материалын үнэ цар тахал, БНХАУ-ын хилийн асуудлаас болж өндөр хувиар өссөн. Барилгын материалын дийлэнх нь импортоор орж ирдэг учир барилгын өртөгт шууд нөлөөлж байна. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалт анх тооцсоноос өндөр болоход нөлөөлнө.
Зарлага мэдээж орлоготойгоо шууд холбоотой учраас төсвийн орлогыг хэр бодитой төсөөлж, тооцож байна вэ гэдэг асуудлыг авч үзэх ёстой юм. Цар тахлаас ч өмнө бид төсвийн орлогоо өөдрөгөөр л тооцдог байсан, бодит амьдрал дээр төсөв олон жил дараалан наад зах нь нэг их наяд төгрөгийн алдагдалтай байлаа. Хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдаж, Төсвийн тогтвортой байдлын сан байгуулсан ч манай төсөв аливаа эрсдэлд бэлэн биш. Харин ч хуулиа дагаж мөрдөхгүй эсрэгээр нь олон удаа зөрчиж, өөрчилсөн. ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ болон төсвийн алдагдал гэсэн хоёр гол шалгуурыг бид олонтаа зөрчсөөр ирснийг иргэд сайн мэддэг болсон байх. Тоон дээр тоглох бол өөр хэрэг.
-Төсвийн тухай хуулийн 29.3.5-д “Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэж заасан байдаг. Энэ нь тухайн барилга хугацаандаа ашиглалтад орох, дараа жилүүдийн төсөвт дарамт өгөхгүй байх талтай. Өмнөх онуудын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг харахад энэ заалт биелэхгүй байгаа нь харагдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байгаа нэг шалтгаан нь санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй байх тохиолдол. Зарим тохиолдолд төсвийн орлого бүрдэхгүйгээс эсвэл элдэв хүнд суртлаас хамаарч санхүүжилтээ өгч чаддаггүй. Барилга барьж буй компаниудаас биш төсвөөс, шийдвэр гаргагчдаас, улстөрчдөөс хамаарал байна. Тиймээс л цаад шалтгааныг нь ухаж үзэх ёстойг хэлээд байгаа юм. Үндэсний аудитын газрын тайлангуудыг сайн харах хэрэгтэй.
Төсвийн хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтэд тухайн барилгын эрэлт хэрэгцээ, түүнийг ашиглагчдын тоо, үр ашиг, өгөөж гэх мэт яригдах ёстой. Тухайн сум, хороонд баригдах гэж байгаа сургууль зайлшгүй хэрэгтэй юу, ямар хүчин чадалтай байх юм, үйл ажиллагааны зардал ямар байх вэ гэдгийг нарийн тооцоолоогүйгээс зардал, үр ашгийн тооцоо алдагдаж, хязгаарлагдмал байгаа төсвийн хөрөнгийг оновчгүй зарцуулах явдал байна. Гэтэл хүн ам өргөнөөр үйлчлүүлдэг, эрүүл мэндийн зайлшгүй үйлчилгээг үзүүлдэг ХӨСҮТ-өө засварт оруулж чадахгүй байна гэхээр хэрхэн эрэмбэлээд байна вэ гэсэн асуулт тавигдаж байгаа юм. Ийм байдал үүсч буйн нэг шалтгаан нь сонгуулийн систем. Монгол Улс нэг цул, нэгдмэл улс атал сонгуулийн систем нь томсгосон мажоритар. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогдохын тулд бодит бус амалсан амлалтаа биелүүлэхийн тулд төсвийн хөрөнгөнөөс тойрог руугаа зулгаацгааж байна. Тэд ирээдүйд дахин сонгогдох, иргэдэд юм хийсэн юм шиг харагдахаа л тэргүүнд тавьж, улсын эрх ашгийг хойш тавьж, төсвийг хайр гамгүй зарцуулах нь байна.

Хятадын нүүрсний эсрэг бодлого, Эрээн дахин хаагдах эрсдэлийг төсөвт тооцсон уу
-Энэ жил УИХ-ын гишүүн бүрээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан шүү дээ?
-Гишүүд тойргийнхоо нөхцөл байдлыг илүү мэддэг, иргэдтэйгээ харьцаж, тэдний эрэлт хэрэгцээг ойлгоно гэх авч улсын хэмжээнд зайлшгүй чухал том төслүүд гээгдэж, төсөв тарамдах явдал олширно. Хөрөнгө оруулалтын төслүүдийн эрэмбэ дараа үүнээс болж алдагдаж байна. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт алдагдаж, байнга төсвийн тодотгол хийж байгаа нь ч үүнтэй холбоотой шүү дээ.
Аль болох анхнаасаа орлого, зарлагаа бодит байдалтайгаа уяж оновчтой тооцож, төсөвлөж, баталж, сахилга баттайгаар хэрэгжүүлвэл төсөв тодотгох шаардлага багасна, засгийн газрын өр, төсвийн алдагдал ч багасах суурь нөхцөл бүрдэх юм. Цар тахлын үед гэнэтийн асуудлууд гарсныг ойлгох ч одоо бол анхаарч засах хэрэгтэй. Засгийн газрын өрийг нэмэхгүй байхын төлөө явахгүй бол анх байсан өрийн хэмжээ буухгүй, өрийг өрөөр дарсан, урсгал зардлын 18% зээлийн үндсэн төлбөр, хүүнд зарцуулагдах байдалтай байна. Манайх шиг валютын ханшнаас хамаарсан, импортлогч улсын тухайд ханштай уялдаатай өрийн хэмжээ нэмэгдэх, зээлжих зэрэглэл буурах магадлалтай.
-Төсвийн төслийг харахад 2011 оноос хойш баригдаж дуусаагүй олон барилга ирэх оны төсөвт шилжиж байсан. Өмнөх барилгуудаа барьж дуусаагүй байж шинээр барилга барих нь хэр зохимжтой юм бэ?
-Тэр төслүүдийг эргэж харах л хэрэгтэй. Хаана, ямар хөрөнгө оруулалт ямар шалтгаанаар орхигдов. Нээлттэй нийгэм форумын судалгаанд дурдсанаар 7-10 жилийн өмнө эхэлсэн 250 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 барилга, байгууламжид 2022 оны төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна. Дуусгаагүй барилгын төсөвт өртөг 280 саяас 11 тэрбум төгрөг хүртэл өссөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 2013 онд эхэлсэн Найрамдал зуслангийн усан спорт цогцолборын санхүүжилтэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дуусаагүй учраас одоо барих нь зөв гэсэн утгыг агуулахгүй.
-Та ярианыхаа эхэнд зөвхөн зарлагаа харахаас гадна орлогоо хэр бодитой төсөөлж байна вэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн шүү дээ. Энэ жилийн төсвийн орлогыг нэлээн өөдрөг төсөөлсөн гэж эдийн засагчид хэлж байна. Юуг анхаарах ёстой вэ?
-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг таван хувиар, төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувиар байхаар тооцсон байна. Ингэж тооцоход хүргэсэн суурь нөхцлүүдийг харахад гол эрдэс бүтээгдэхүүний үнийг тогтвортой, борлуулалтын хэмжээг ч өөдрөгөөр авч үзсэн. Экспортын гол түүхий эд, эрдэс бүтээгдэхүүний үнээс гадна борлуулалтын хэмжээ мэдээж чухал. БНХАУ-ын зах зээлийн эрэлт, төрийнх нь гаргаж буй алив гэнэтийн шийдвэрүүд нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөл үзүүлж байгааг өнөөдөр бид тод харж байна.
ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх үүднээс суурийг тэлнэ гэж байгаа. Бид маш олон жил эдийн засгаа солонгоруулна, төрөлжүүлнэ гэж ярьсан ч бодит байдал дээр үүнийг хийж чадахгүй байгаа. Нөгөө л хэдэн салбар, уул уурхайгаас хамаарч байгаа хэдий ч байгаа салбаруудаа ч сайн дэмжиж чадахгүй байна.
10 их наядын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийн санаа нь зөв юм шиг боловч хөтөлбөрүүд нь хүрэх эзэндээ хүрэхгүй байна гэсэн асуудалтай байна. Тэгэхээр процессын алдааг нь засахгүй бол хүлээлтэд хүрэхгүй байх магадлалтай. Мөн эх үүсвэрийг тодорхой шийдэх, ил тод байх.
Вакцины гуравдугаар тун хийгдчих учраас хөл хорио нэг их тавихгүй гэж төсөөлж байна. Ингэснээр бизнесийн аливаа үйл ажиллагаанд саад тотгор, гэнэтийн эрсдэл үүсэхгүй гэж төсөөлсөн байсан. Энэ бол боломжтой байж магад. Гэхдээ вакцины гуравдугаар тунд иргэдийн өргөнөөр хамруулахын тулд сурталчилгааны ажил шаардлагатай байх.
Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох талаар ярьж байгаа ч зарим айл өрхүүд буюу тун тулгамдсан хэрэгцээтай, амьжиргаагаа залгуулдаг айлуудын тухайд энэ юм л бол. Халамж хавтгайрахгүй байх дээр анхаарч, ажлын байрыг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах төслүүдэд түлхүү анхаарах.
-Хуулиараа 11 дүгээр сарын 15-нд УИХ жилийн төсвийн төслийг хэлэлцэн батлах ёстой. Арваад хоног л үлдсэн байна. Та УИХ-үүдэд ямар зөвлөмж өгмөөр байна?
-Хамгийн наад зах нь бие даасан, хараат бус эдийн засгийн чиглэлээр ажилладаг хувь хүн болон байгууллагуудын гаргаж байгаа шүүмжлэл, санал, зөвлөмжийг сонсмоор байна. Юуны төлөө Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдсан юм. Тэдний зөвлөмжийг хармаар байна.
Манай эдийн засагт нөлөөтэй БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт саарсан, тухайлбал, Хятадын эдийн засаг жилийн дүнгээр зургаан хувиас хэтрэхгүй байх магадлалтай байна. Энэ болгоныг тооцоололдоо оруулж байгаа байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа төсвийн тусгай шаардлагыг хоёр жилдээ нэг удаа хянаж үзмээр байна.
-Эдийн засагчид жил бүр л зөвлөмж өгч, байр сууриа илэрхийлдэг. Гэтэл тэр болгоныг тоохгүйгээр төсвөө батлах хандлагатай байдаг шүү дээ?
-Бидний олон жил хэлж буй зүйл нь нэгд, төсвийн реформ хийх. Үүнд төсвийг батлах үйл явцтай холбоотой хугацааны асуудлыг эргэж харах, төсвийн зардлын ангиллыг шинэчлэх, эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэх мэт асуудлууд яригдана. Богино хугацаанд төсвийн тухай хуулийн төсөлтэй танилцаж, шинжилгээ, анализ хийж амжилгүй батлаад байхаар бодит байдалтай нийцэхгүй, алдагдал ихтэй, тодотгох шаардлагатай төсөв батлагдах хандлагатай байсаар.
Эцэст нь хэлэхэд, бид нэгдмэл улс. УИХ-ын гишүүд тойрог дагасан сэтгэлгээгээ хаяж, улсын, үндэстний эрх ашгийг хараасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.