АНУ, Тайлайнд, Франц, Канад, Монгол гэсэн таван оронд их дээд сургууль төгссөн хүний хувьд эдгээр орны оюутнуудын онцлогоос анзаарагдсан зүйл юу байна вэ?
Азиуд илүү их хичээмтгий, дайчин хүмүүс гэж анзаарагдсан. Хичээл эхлэхэд англи хэлэндээ тийм сайнгүй, зарим нэг хичээл дээрээ хоцрогдолтой байсан оюутан явцын дунд түвшин нь илт сайжирсан жишээнүүд олон харж байлаа. Хөдөлмөрлөх арга барилаа тэд маш сайн мэддэг. АНУ болон Европ оюутнууд илүү бие даасан үзэлтэй. Хийе гэснээ хийнэ. Сонирхсон юмаа сонирхоно. Үгүй бол үгүй. Тоохгүй юмаа тоохгүй, тоохоо тооно. Хэлэлцүүлэгт орохдоо бас маш сайн гэдэг нь анзаарагддаг. Үзэл бодлоо чөлөөтэй сайхан илэрхийлчихнэ. Маш нээлттэй хүмүүс. Канадад бол цагаачлах зорилготой оюутнууд их ирдэг. Зорилго нь Канадад үлдэх болохоор тэнд байгаа оюутнууд бол байнга хичээлээ л ярьдаг. Тэр утгаараа маш их хөдөлмөрлөнө, хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Докторт сурах чинь асар их хөдөлмөр шаарддаг. Өдөр шөнөгүй л хичээлээ хийдэг. Би эдийн засгийн чиглэлээр тухайн үед сурч байлаа.
Эдийн засагч хүний хувьд хөл хориотой холбоотой жижиг дунд бизнесүүдийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
Манай жижиг дунд бизнес гэлтгүй бүх бизнесүүдэд л хүнд байна. Анх хэсэг хугацааны хөл хорионд нь, цаашлаад зургаан сар хүртэл нь тэвчье гэсэн хүмүүс олон байсан. Гэтэл энэ байдал бодсоноос ч удаан үргэлжлээд, тэгснээ арай гайгүй юм шиг болж сул тавиад, эргэж хориод л. Сайн үр дүн алга. Олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагуудад илүү хүнд туслаа. Одоо байдал нэлээд хүндэрч байна. Жишээ нь хүмүүс цомхтголд их өртөж байна. Цалингаа тавин хувьтай авч байна. Гайгүй явж байгаа хүмүүс нь олон улсын тогтмол цалин тавьдаг байгууллага эсвэл төрийн байгууллагынхан л байна.
Ковид-19 бидэнд ямар нэг ухаарал авчирсан болов уу?
Амьдрал гэж юу юм бэ? Ажлын оффис гэж юу юм? Оффис дээр байгаа хамт олон гэж юу юм? Заавал оффист ажиллаад байх биш гэрээсээ ажиллах боломж байгаа гэдгийг удирдлагуудад ойлгуулсан юм шиг байгаа юм. Саяхан LinkedIn–ээс олон улсын судалгаа харж байхад гэрээсээ болон оффисоос ажиллахыг хослуулах нь маш өгөөжтэй байна гэдгийг 80 хувь нь хариулсан байсан. Тэгэхээр хосолмол амьдрал бий болж болох юм гэсэн боломжийг харцгаасан байх. Байгаа зүйлдээ талархах, цаашлаад би ганцаараа сайхан байгаад сэтгэл дүүрэн байж чадахгүй юм байна, нийгмээрээ сайхан байх нь чухал юм байна, би бусдаас хамааралтай юм байна гэдгээ ойлгож илүү хүнлэг болсон байж магад. Бусад хүн амжилттай байвал би ч бас амжилттай байх юм байна. Амжилттай яваа бусдаас надад ашиг орлого нь орж ирэх юм байна. Үйлчлүүлэгчийг маань хорьчихвол би ч гэсэн хохирох юм байна. Тэгэхээр нийгмийн хариуцлагын ажил чухал юм байна гэдгийг тунгаан бодсон байж болох юм.
Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
Социализмын үед дутагдалтай талууд бий ч хүмүүжлийн болон боловсролын түвшинд манай үеийнхэн ерөнхийдөө төлөвшсөн, хариуцлага өндөртэй, ах захаа мэддэг, биеэ сайхан авч явдаг, ном их уншдаг байсан. Гэхдээ олон дундаас үүнээс буцсан хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
Цаг барьдаг, зарчимч, хариуцлагатай, харилцааны соёлтой, яах ийхээ хэлэлгүй seen-дээд таг дуугуй алга болчихдоггүй, заавал ямар нэг хариу өгдөг байх. Заавал зөвшөөрөх албагүй, тэр хүнд сонголт нь байгаа шүү дээ. Хувь хүний түвшинд яригдаж байгаа ч дээрх зүйлсийг хийчихэж чаддаггүй хүмүүс нийгмийг, улсыг хойш нь чангаадаг. Өндөр албан тушаалтнууд, эрх баригчид хүртэл ийм алдаанууд цөөнгүй гаргадаг.
Та эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ?
Тийм сайн анхаарч чаддаггүй. Гэхдээ одооноос нас яваад ч тэр үү хүн ер нь эрүүл л явах ёстой юм байна гэж чухалчилж боддог болсон. Сэтгэл санааны зөв сайхан орчинд байх нь мөн чухал.
Таныг юу хамгийн их хөгжүүлж туршлагажуулсан бэ?
Буддизмд эсвэл Христэд дурын хүнийг итгэчих гэвэл итгэхгүй шүү дээ. Ямар нэг зүйлийг харж байж, амьдралаараа туршиж, үнэмшиж байж итгэнэ. Би яагаад улс төрд орсон бэ, бусдын төлөө өөрийгөө зориулъя гэж шийдсэн бэ гэхээр би нэг л өдөр өөртөө итгэлтэй болоод босоод ирээгүй. Маш их судалгаа хийж, хүмүүст танилцуулж, янз бүрийн уулзалт цуглаанд орж, үйл ажиллагаануудад оролцож явахад найз нөхөд, хамт олон, ангийн хүүхэд маань намайг улс төрд орооч гэж хэлж, магтан сайшааж, надад итгэж, чамаас урам зориг авлаа гэх мэтээр энд дурдагдсан бүх зүйлс надад ширхэгчлэн итгэл өгч байсан. Өөртөө итгэлтэй байх ёстой, бусдад өөрийнхөө итгэл үнэмшил, хийх гэж байгаа зүйлээ ойлгуулж, ятган үнэмшүүлэх чадвартай байх ёстой. Дээр нь янз бүрийн эрсдэл даах чадвартай байх ёстой. Ялангуяа санхүүгийн эрсдлээ даах, бусдын дайрч давших эрсдлийг даах, сэтгэл санааны эрсдэл, бие даах чадвар өндөр байх ёстой. 15, 16-н жил нээлттэй нийгэм форум болон ОУ-н төслүүд дээр ажилласан энэ бүх өдөр өнөөдрийн Мөнхсоёлыг бүтээсэн.
Таны ойрын зорилго юу байна вэ?
Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулна даа.
Та хэнээс хамгийн их зөвлөгөө авдаг вэ?
Намынхаа удирдах зөвлөлийнхөнтэйгөө ихэнхдээ ярилцдаг.
Та өөртөө хэр зэрэг өөрчлөлт шинэчлэлт хийж чаддаг вэ?
Хүн ер нь орчноо өөрчлөхөөр дагаад их өөрчлөгддөг. Соросын санд 10-аад жил ажилчихаад АНУ-н Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д явж сурсан. Төгсөөд ирэхдээ илүү их идэвхжээд ирсэн. Эргэн тойрныхон маань бас хэлж байсан. Хамт олон, нийгэмдээ илүү өгөөжтэй болсон байсан гэх үү дээ. Өөрийгөө шинэ орчин нөхцөлд оруулж, байнга сорьж, хөгжүүлж байх хэрэгтэй.
Эмэгтэй хүн улс төрд өрсөлдөхөд ямар нэг давуу тал ажиглагдсан уу?
Ёстой давуу тал байхгүй. Томоохон зүйлд буюу улс төрд хүч сорьчихоор бусдын анзаарахгүй юмийг ч их анзаардаг болдог юм байна. Яалт ч үгүй манай улс эцгийн эрхт ёстой. Зарим хүн амьдралынхаа хэв маягаас болоод ч юм уу огт анзаарахгүй ч байж мэднэ.
Оюун гишүүн “эрэгтэй гишүүнтэй эн тэнцүү байхын тулд 2 дахин илүү мундаг байх ёстой” гэж хэлсэнтэй санал нэг байдаг.
Монгол улсад жендерийн хувьд эмэгтэйчүүдийн манлайлал хэр зэрэг байна гэж харж байна?
Хүйсийн тэгш байдлын талаар сүүлийн олон жил яригдаж байна. Хувь хүний хувьд анзаарснаар ОУ-н байгууллагууд жендерийн ойлголтыг манайд түлхүү оруулж ирсэн гэж ойлгодог. Аливаа төсөл хөтөлбөрт хүйсийн тэгш оролцоо чухал шүү. Зөвхөн нэг хүйст хэт анхаарахаар төслийн өгөөж, тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Тийм учраас хүйсийн тэгш байдал маш чухал гэж ярьдаг. Монголын үндэсний жендерийн хороaо ч гэж байна. Тухайн хорооноос гаргасан хууль эрх зүйн орчин ч тодорхой хэмжээгээр бүрдэж байна . Гэвч бодит байдал дээр нэг л хэлбэрээ олж чадахгүй байх шиг. Тооны хувьд өөрчлөлтүүд гарч байгаа ч чанарын асуудал илүү чухал. Яг бодит амьдрал дээр тусгалаа олж байгаа эсэх, үнэхээр асуудал багасч байна уу гэдэг дээр нарийн бодох ёстой. Анх энэ ойлголт орж ирж байсан түвшин одоогийн түвшин мэдээж эрс ялгаатай, том зургаараа эерэг дүн гарч байгаа ч хангалттай бус байна. Жендэрийн тэгш байдал гэдгээ эхлээд маш сайн ойлгож, мэдрэмжтэй ярихгүй бол эргээд дургүйцэл үүсгэдэг аюултай. Нэг юмийг хэт түлхэх, хэмжээнээс нь хэтрүүлж ярих нь сөрөг хариу үйлдэл бий болгодог учраас утгатай бөгөөд баланстай ярих хэрэгтэй. Боломжийг эн тэнцүү олгох л ёстой гэсэн ойлголт. Мөнхөө гуай гээд ахмад, тулгатай эмэгтэй бна. Оюунгэрэл гишүүн асан, энэ эмэгтэйн зоригийг харж байна. Ирээдүйд эмэгтэйчүүдийг өөрийнхөөрөө байх боломж, улстөр дэх оролцоог түрж өгөхөд түлхэц болох байх гэж харж, итгэж байна.
Та УБ хотын хот төлөвлөлтийн талаар иргэн хүний хувьд ямар гарц гаргалаа харж байна вэ?
Энэ тал дээр бодож төлөвлөсөн төсөл,төлөвлөгөө гаргасан зүйл их бий. Голын эрэг дээр хүртэл байшин барих гэж байна шүү дээ. Голын эргээ иргэддээ, байгальдаа ээлтэй байдлаар гоё тохижуулъя. Хотын төвөөр нийтийн тээвэр түлхүү явуулах, хувийн машинаа хотын захаар илүү явуулах гэх мэт санаанууд байна.
Танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: https://oronzai.mn/n/uJJQFFbIp8XkUsFhcd4P