#MOM21Events 3 сарын 15. Манай өнөөдрийн БИДНИЙ БАХАРХАЛ ЭМЭГТЭЙ

Блог 3/17/2021 Админ 1060 үзсэн Tweet Share

#MOM21Events 3 сарын 15. Манай өнөөдрийн БИДНИЙ БАХАРХАЛ ЭМЭГТЭЙ булангаар Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б. Мөнхсоёл зочилж байна. Б. Мөнхсоёл нь Монгол улсын дэд бүтэц, ядуурал, эдийн засаг, бизнесийн хөгжлийн бодлогын анализ, судалгаа, шинжилгээний ажлуудад гар бие оролцож, Монголын Эдийн засгийн клубын уулзалт хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 он, 2020 оны УИХ сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан бидний бахархал болсон эдийн засагч, улс төрч эмэгтэй юм. Мөнхсоёл нь Японы засгийн газрын тэтгэлгээр Тайланд дахь Азийн Технологийн Институтэд Бизнесийн удирдлагын магистр, Францын засгийн газрын тэтгэлгээр Франц дахь Европын Менежментийн Сургуульд Шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалж, АНУ-ын засгийн газрын тэтгэлгээр Мичиган мужийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан. Тэрээр Нээлттэй Нийгэм Форумд Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан менежер, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилт бүхий Говийн бүсийн эдийн засгийн хөгжлийн санаачилга болон НҮБХХ, НХХЯ-ны хамтран хэрэгжүүлсэн Ядуурлын судалгаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдэд мэргэжилтэн, Монгол Улсын ШУТИС-н Компьютер Техник, Менежментийн Сургуульд багш хийж байсан. Түүний удирддаг Үндэсний Стратегийн Хүрээлэн нь дотоод, гадаадын шилдэг сэтгэгчидтэй хамтран аль нэг талыг баримтлалгүй, тоо баримт бүхий судалгаан дээр үндэслэн Монгол Улсын хөгжлийн стратеги, эдийн засгийн асуудлаарх иргэдийн дунд дутагдаж буй орон зайг нийтлэл бичих, хэлэлцүүлэг зохион байгуулах, бодлогын түвшинд нөлөөлөх замаар нөхөхийг зорьдог юм байна. Мөнхсоёл нь 40 гаруй улсад аялж, эдийн засгийн чиглэлээр суралцаж, сургалт, семинар, хуралд оролцож, илтгэл тавьж байсан баялаг туршлагатай. Тэрээр хэлэхдээ: “Хөгжлийн асуудал, нийгмийн сайн сайхны төлөөх ажилд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, хариуцлага бидний төсөөлж буйгаас их юм. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, хүчээ төвлөрүүлж, хамтран ажиллаж чадваас эерэг сайхан өөрчлөлийг үр хүүхэд, хойч ирээдүйдээ авчирч чадна. Гагцхүү өөртөө болон бусаддаа итгээрэй.” хэмээн тэрээр эмэгтэйчүүдээ уриалж байна.