Эдийн засгийн тойм #79: Гол үзүүлэлтүүд, шинэ шийдэл болох бодлогын хүү, дундаж цалин болон алтны татварын хөнгөлөлт
Эдийн засгийн тойм #79 Энэ удаагийн тоймоор макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, гол үзүүлэлтүүд, шинэ шийдэл болох бодлогын хүү, дундаж цалин болон алтны татварын хөнгөлөлт зэрэг асуудлыг хөндлөө. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч Монгол Улс ирэх оноос эхлэн томоохон өр зээл төлж эхэлнэ. Тиймээс өнөөгийн эдийн засаг, бизнесийн орчинд бодит дүгнэлт, үнэлгээ өгч зөв удирдах нь чухал. “Fitch Solutions” агентлаг 2019 онд МУ-ын эдийн засгийг 6% өснө гэж өмнөх таамаглалаа бууруулсан бөгөөд богино хугацааны улс төрийн эрсдэлийн оноо нь 100-аас 63.8, урт хугацааны үзүүлэлт 69.9 байна гэж үзжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 11%-д хэвээр хадгалах, мөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60% болгон шинэчлэн тогтоожээ. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд алт худалдан авалт тун чухал. Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Харин энэ оны тухайд олборлолт хэвийн боловч алт тушаалт I улирлын байдлаар 2 дахин буурсан байна. Энэ тохиолдолд алтны АМНАТ-ыг 2.5%-иар хөнгөлөх үү эсвэл 5% болгох уу гэдэг маргаантай асуудал шийдэл хүлээсээр. Нөгөө талдаа алтны үнэ сүүлийн таван жилд хамгийн өндөр түвшинд хүрсэн байгаа юм.