Б.Мөнхсоёл: ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ

Блог 11/13/2020 Админ 1463 үзсэн Tweet Share

2021 оны төсвийн төслийн талаар эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.

-УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны төсвийн төсөл 2020 оныхтой ойролцоо алдагдалтай харагдаж байна. Та 2021 оны төсвийн төсөлтэй танилцсан уу?

-Төсвийн шинжилгээ хийдэг хүний хувьд харахад, 2020 оны тодотголоос өмнөх төсөвтэй 2021 оны төсвийн төсөл төстэй байсан. Алдагдлын хэмжээ ойролцоогоор 2.2 их наяд төгрөг буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн ДНБ-тэй харьцуулахад 5.1 хувийн алдагдалтай байхаар төсөв оруулж иржээ. 

Төсөв нь бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн Засгийн газар ямар хөтөлбөр бодлого хэрэгжүүлэх гэж байна, түүнтэйгээ уялдуулан төсөв санхүүгээ тооцдог. Манай улс эдийн засгийн хувьд хүчирхэг биш учраас бүтээн байгуулалт, шинэлэг ажил сэдэхээс илүүтэй урсгал зардлаа нөхөх, хүн амын дунд нэн тулгамдсан хэрэгцээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж болон бусад төрийн үйлчилгээг хүргэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг голчлон хийдэг бол дэд бүтцийн хөрөнгө оруулалтад, эрчим хүч, зам тээвэр, соёлын төв, музей зэрэг багтдаг. 

Тэгэхээр 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад, ирэх оны төсвийн төсөлд өссөн дүн бага байна лээ. Хамгийн гол эзлэх зардал нь цалин байдаг. Түүн дотор зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 11 хувийг оруулж тооцсон. Бидний гол алдаа дутагдал өрийн хэмжээг нэлээд хяналтгүй өсгөсөн явдал. За яах вэ, олон улсын зах зээл дээр бонд босгох замаар хөрөнгө босгосон байж болно. Гэхдээ зарцуулалт маш өгөөжтэй байх хэрэгтэй. 

Хэдэн жилийн дараа өгөөж өгөх вэ, нэгэнт зээлээр мөнгө босгосон бол түүнийг ямар хугацаанд, хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг төлөвлөгөө байвал зохилтой. Анх “Чингис” бондыг босгосноос хойш өрийг өрөөр дарах замаар явж ирсэн. Өр өндөр байж болох ч төлбөрийн хэмжээ буюу зээлийн хүүний тухай ярих нь зөв юм. 

Хэрэв тухайн улсын эдийн засаг сайнгүй, хөрөнгө оруулалт авч чадхааргүй буюу эрсдэл өндөртэй харагдах юм бол босгож буй зээлийн хүүгийн хэмжээ өндөр байдаг. Бид 10 гаруй хувийн хүүтэй бонд хүртэл босгож байсан. Харин сүүлд тав гаруй хувьтай “Нүүдэлчин” бондыг өмнөх өрөө дарахаар босгосон нь арай дээр байлаа. 

-Өрийн удирдлага Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд байж чадаж байгаа юу?

-Хангалттай гэж үзэхэд хэцүү. Яагаад өр анхаарал татдаг вэ гэхээр, ханшийн хэлбэлзэлтэй манай улсын хувьд, долларжилт өндөртэй буюу гаднын мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл нь дотоодын мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлээс илүү өндөр учраас гадаад валютаар босгосон зээлийн хэмжээ өсөх магадлал өндөртэй. Өөрийн бий болгосон төгрөгөөр эргүүлээд гадаад валют худалдан авч, өрөө дарж байна. 

Нөгөөтэйгүүр, төгрөгөөр илэрхийлэх өрийн хэмжээ өссөн гэхчилэн Засгийн газрын өрийн асуудал маш анхаарал хандуулах ёстой сэдэв болсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ДНБ-тэй харьцуулахад өрийн хэмжээ 70 хувиас хэтрэхгүй байх ёстой. Түүндээ багтаагаад ирэх оны төсвийг ойролцоогоор 62 хувийн хэмжээтэй баталсан байна. 

Нэг талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баримтлаад байгаа юм шиг хэрнээ таацыг нь өндөр тавьчихаар ялгаа байна уу даа. ДНБ-ээ хэрхэн тооцож байгаа нь анхаарал татах бас нэг асуудал мөн. Өндөр байгаа тоотой өндөр дүнг харьцуулахаар яг хэмжээгээ барих уу гэдэг нь сонин. 

-Нийт хүн амын тал хувь нь халамж авдаг гэсэн судалгаа гарсан. Халамжийн бодлого дээр суурилсан төсөв гэж зарим улстөрч болон эдийн засагчид шүүмжилж байна?

-Маш олон төрийн халамж, үйлчилгээ байдгаас ажилгүйдлийн тэтгэмж бага зэрэг өссөн байхаар ирэх оны төсвийн төсөлд харагдсан. “Ковид-19” цар тахлын үед ажлын байрны цомхотгол бүх салбарт явагдсан нь үүнд нөлөөлсөн. Энэ байдал ойрын нэг жил үргэлжлэх магадлалтай учир ийм тооцоо гарсан байх. 

Хүүхдийн мөнгөн дээр хүмүүс мөн шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ хувь эдийн засагчийн үүднээс харвал, эдийн засгийн идэвхжил сул, цалин орлого багассан энэ үед яах аргагүй хүүхдийн ирээдүйг бодох ёстой. Хүүхдийн мөнгө эргээд манай хойч ирээдүйн эрүүл саруул өсөж торних, цаашлаад эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээнд хамрагдах суурь боломжийг бүрдүүлж байна. Ийм онцгой байдлын үед 100 мянган төгрөг болгож нэмсэн нь зөв. 

Гэхдээ төсөв дээр 2020 онд 1.8 их наяд төгрөг байсан бол 2021 оны төсвийн төслөөр энэ мөнгө 864 тэрбум төгрөг болж багассан. Учир нь 2021 оны эхний зургаан сард нийт хүүхдүүдэд 100 мянга, дараагийн хагас жилд 20 мянган төгрөг олгох хэмжээнд төсөвлөсөн байсан нь нөлөөлсөн байх.

-Гэхдээ хүүхдийн мөнгийг ингэж огцом 20 мянган төгрөг болгож бууруулах нь хэр оновчтой бодлого юм бол?

-Мэдээж энэ мөнгөнөөс хамаарч амьдардаг хүмүүсийн хувьд хүнд цохилт болох нь дамжиггүй. Минийхээр, гурван сарын зайтай100 мянган төгрөгийг 50, 20 гэсэн шатлалаар бууруулбал арай зөв бодлого болох байсан гэж үзэж байгаа.

 -ЖДҮХС-д 100 төгрөг ч төсөвлөөгүй нь мөн шүүмжлэл дагуулж буй. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮХС-д мөнгө тусгаагүй нь үнэн. Гэхдээ гадаадын зээл, тусламжийг харвал, бизнесийн орчныг сайжруулах, ЖДҮ-ийг дэмжих тал дээр салбар бүр дээр зээл тусламж төвлөрүүлсэн нь сайшаалтай. Мэдээж хэрэг төсвийг цогцоор нь харах ёстой. Ерөөс сүүлийн хоёр жилд, төсвийг төсөвлөх үйл явц хуумгай, богино цаг хугацаанд явж байгаа учраас бодлогын дорвитой шинэтгэл хийх боломж бүрдэхгүй байна. 

Судлаач, шинжээчдэд зөвлөмж гаргах хангалттай цаг хугацаа оногдохгүй байна. Тэр тусмаа, төсөв баталж буй УИХ-ын гишүүд төсвөө ойлгож байна уу, батлах үйл явцдаа хангалттай мэдлэг, мэдээлэлтэй оролцож чадаж байна уу гэдэг нэг асуудал. Төсвийн гүйцэтгэл дээр Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтийг хэрхэн тусгаж байна вэ гэдэг хоёрдугаар асуудал юм шүү. 

-Үндэсний аудитын газраас гадна өөр ямар байгуулллага төсөв дээр оролцоотой байдаг вэ?

-“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл” 2018 онд байгуулагдсан. Тухайн үед би төсвийн зөвлөл бусад улс оронд хэрхэн ажилладаг вэ, төсөвтэй холбоотой дүрэм, журам, хууль, түүний сахилга батыг хэрэгжүүлэхтэй холбоотой мониторинг, үнэлгээний ажлын талаар судалгаа хийсэн. Тухайн парламентаар эдийн засагт сөрөг нөлөөтэй төсөв, санхүүгийн бодлогод оновчгүй төсөв батлагдахаар байвал уг зөвлөл нь хүчтэй дуу хоолой гаргах үүрэгтэй байдаг юм билээ. 

Тухайн зөвлөлийн бүтэц, санхүү хөрөнгийн боломж, бие даасан байх боломжийн талаар харьцуулан судалж, зөвлөмж гаргаж байсан. Бодит байдал дээр Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь хангалттай үүргээ гүйцэтгэж ажиллаж чадахгүй байна. 

Дуу хоолойгоо гаргахгүй байгаагийн зэрэгцээ гаргаж дэвшүүлсэн зөвлөмжийг нь хүлээн авч сонсохгүй байна. Тэгэхээр энэ байгууллагын үйл ажиллагааг эргэж харах хэрэгтэй болов уу. Илүү бие даасан бөгөөд хүчирхэг болгох шаардлагатай. 

-Эдийн засагчид болон судалгааны байгууллагууд төсвийн шинжилгээ хийдэг. Тэдний шүүмж, санал, зөвлөмж төсөвт тусгалаа олдог уу?

-Төсвийн өр өндөр, алдагдал өнгөрсөн оны тодотголоор 4.8 их наяд төгрөгт хүрсэн, энэ жилийн 2.2 их наядыг нэмж тооцвол чамгүй их мөнгө гарна. “Ирээдүйн өв сан”-даа нэг их наяд төгрөгтэй гэж байгаа ч гэсэн бодитоор сандаа байгаа юу гэх мэт эргэлзээтэй асуулт олон байгаа энэ үед төсвийн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талдаа, хэмнэж болох хөрөнгө оруулалтаа тооцсон уу гэх мэт асуудал бий. 

Тухайлбал, соёлын төв, музей гэх мэт хөрөнгө оруулалтыг дурдах нь зүйтэй. Ялангуяа, зарим дүүрэг болон хөдөө орон нутагт конторын барилга барихаар тусгасан байсан. Угтаа эдгээр хөрөнгө оруулалтыг шалгуур үзүүүлэлтийн дагуу авч үзэх шаардлагатай. 

Төсвийн тухай хуулийн дагуу ТЭЗҮ нь байх ёстой, гол нь хэдэн хүнд ашигтай вэ, хэр нэн тулгамдсан эрэлт хэрэгцээ вэ, өмнөх онд хэрэгжиж эхэлсэн үү, эсвэл шинээр хэрэгжих төсөл үү, өмнөх онуудын төслөө дуусгаж амжаагүй байж яагаад шинэ рүү орж байна вэ гэхчилэн олон асуудлыг тавимаар. 

Энэ бүх тооцоо судалгааг Монгол Улсын хэмжээнд эрэмбэ дараатай авч үзээд, хөрөнгө оруулалтуудыг шийддэг болмоор байна. 

-Шинээр хэрэгжүүлэх төслүүдийг та харсан уу?

-Ирэх онд 390 орчим шинэ төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Төсөл бүр төсвийн ерөнхийлөн захирагч дээр хуваагдаж байгаа. Нөгөө талдаа, салбарын асуудлуудыг хөндлөн огтлолцуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргаж ирэх хэрэгтэй. 

Жишээлбэл, зарим аймагт нэг ангид цөөн тооны сурагчтай сургууль байдаг. Энэнь нөгөө л хэлээд буй шалгуур үзүүлэлт хангахгүй буюу нэн тулгамдсан хэрэгцээтэй бус хөрөнгө оруулалтыг тойргийн сэтгэлгээтэй УИХ-ын гишүүд улсын төсөвт оруулж ирээд байгаа явдал. 

-Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээг төсөв дээр хэт өөдрөг төсөөлснөөр орлого тасрах, дахиад л тодотгол хийх шаардлага гарахгүй юу?

-Татварын орлого 82 хувь, үлдсэн нь хөрөнгийн орлого, бусад эзэлдэг. Энэ оны байдлаар, ААН-ийн орлогын татвар, НӨАТ 20 гаруй хувьтай байна лээ. “Ковид-19”-ийн үед орлого тасалдах магадлал өндөр. ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлсэн байгаа. 

Үүнтэй холбогдуулан зарлага өсөж байгаа, өмнөх оны төсвийн алдагдал өндөр, ДНБ-ий өсөлтийг 7.2 хувиар өснө гэж тооцсон байгаа энэ мэт эрсдэлийг багцаалж харвал ирэх оны төсөв нэлээд эерэг, өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Гэхдээ эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өсөлттэй байна. 

Тухайлбал, зэсийн үнэ 6000 ам.доллар хүрсэн байхад төсвийн орлого тооцсон үнэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа дагаад сүүлийн 12 жилийн дунджаар тооцсон байх жишээний. Уг нь бодит байдал дээрх үнэ, тооцоолсон үнээс илүү гарвал “Ирээдүйн өв” сан болон “Төсвийн тогтвортой байдлын сан” руу оруулах ёстой байдаг. 

Мөн хөдөө аж ахуйн салбар ямар байх вэ, өвлийн улиралтай холбогдуулан ямар эрсдэл гарах вэ гэх мэт байр байдлаас шалтгаална. Ерөнхийдөө төсвийн төсөл дээр ийм 10-аад төрлийн эрсдлийг тооцож үздэг байлаа. Хөрш орнуудын эдийн засаг, гол эрдэс баялгийн борлуулалт, түүхий эд, ханшийн асуудлыг тооцдог байсан ч энэ удаад эрсдэл тооцсон зүйл төсөв дээр харагдсангүй нь харамсалтай.