Б.Мөнхсоёл: Засгийн газар эдийн засаг болон банкны салбарт хэрхэн шинэчлэл хийхээс их зүйл хамаарна

-Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах гэж байна. Гэтэл төсвийн алдагдлыг тэнцвэржүүлсэн орлогоор тооцоход ДНБ-ий 12.5 хувь буюу 4.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засагчид ийм их алдагдалтай төсөв баталж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин таны байр суурь ямар байна?
-Төсөв тодотгох шаардлагатай байгааг сонгууль болохоос өмнө хэд хэдэн удаа эдийн засагчид болон сөрөг хүчнийхэн хэлж байсан. Тухайн үед Сангийн яам “Эхний хагас жилд хүндрэлтэй, алдагдалтай байх ч, сүүлийн хагас жилд нөхөх боломжтой. Тиймээс төсөв тодотгох шаардлагагүй” гэж байсан.
2020 оны төсвийн тухай хуулиар төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар баталсан. Гэтэл коронагийн нөхцөл байдалтай холбогдон эдийн засгийн болон бизнесийн салбарт маш их өөрчлөлт орсон. Тодруулбал, манай гол төсвийн орлогыг бүрдүүлдэг экспортын хамгийн том салбар болох уул уурхай, нүүрсний экспортыг түр зогсоосноос гадна төрөл бүрийн үйлчилгээний газар, үсчин гоо сайхан, аялал жуулчлалын салбар зэрэг үйлчлүүлэгчдийн тооноос ашиг, орлого нь шууд хамаардаг бизнесийн салбарынхан болон бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ерөнхийдөө царцанги болсон. Энэ нь мэдээж ашиг, орлого эрс буурч, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн.
МҮХАҮТ-ын судалгаагаар Зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах бус түүнчлэн ложистикын болон түүхий эд материал, эд анги тээвэрлэдэг компаниудад хүндрэл учирч байна. Аялал жуулчлалын салбарт гэхэд 45-аад хувь нь цомхотголд өртөж байна, ажилгүй болж зогсож байна. Ялангуяа зээлтэй ААН-үүдэд хүндрэл учирч байна гэх мэт судалгааны үр дүнг танилцуулж байсан. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Монголбанкнаас гаргасан шийдвэрүүдийн нэг нь бодлогын хүүг бууруулсан явдал байсан. Бодлогын хүү 11 хувь байсныг эхлээд 10 хувь, дараа нь 9 хувь болгож тус тус бууруулсан. Эдийн засагчид ч бодлогын хүүг нэг оронтой тоонд буулгах нь зүйтэй гэж үзэж байсан. Зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулсан учраас чанаргүй, хугацаа хэтрүүлсэн зээлийн хэмжээнд хүчтэй өөрчлөлт орохооргүйгээр зохицуулалт хийсэн.
Нөгөө талдаа эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор ААН-ийг орлогын албан татвараас чөлөөлөх, НДШ-ээс чөлөөлөх, ажлын байрыг хадгалсны урамшуулал зэрэг багтсан. Өөрөөр хэлбэл, нэг талдаа корона, нөгөө талдаа эдийн засаг, бизнесийн салбарт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан төсвөөр дэмжих буюу зардлыг нэмэх шаардлагатай болсон. Энэ утгаараа төсөв тодотгох нэн шаардлагатай болсон. Гэтэл үүнийгээ сонгууль өнгөрсөн хойно хүлээн зөвшөөрлөө. Маш богино хугацаанд төсвийн тодотголын төслийг боловсруулаад УИХ-ын дөнгөж сонгогдсон гишүүдэд богино хугацаанд хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа нь эргээд төсвийн тодотголын үйл явц чанаргүй болох хүссэн үр дүндээ хүрэхгүй байх магадлалыг бий болгож байгаа юм. УИХ-ын гишүүд гэдэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр төсвийн тодотголд дорвитой оролцоотой байж чадах эсэх нь эргэлзээтэй.
-Хөрөнгө оруулалтын зардлаас бараг л танаагүй байна гэх шүүмжлэл байна. Үүнээс дахин танах боломж байгаа болов уу?
-Төсвийн тодотголын төслийг харахад нөгөө л тойрогтоо төсөв татдаг, улс үндэстний хэмжээнд биш тойргоо илүү торддог, муу үгээр хэлэхэд усалдаг шинж чанар руугаа орж байна. Төсвийн зарцуулалтыг хангалттай эрэмбэлж танахгүй байна. Төсвийн тодотголоор хамгийн гол харах ёстой зүйл нь зардлыг багасгах буюу хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн төсвийг зайлшгүй өнөөдөр шаардлагатай эсэхийг харгалзсан эрэмбэ дарааллаар нь боломжоороо танах юм. Энэ жил дөнгөж суурийг нь тавьж байгаа, зарим сумдад эхлээгүй байгаа, ирэх ондоо ч зарим нь баригдаж дуусах нь тодорхойгүй сумын соёлын төвүүд, захиргааны барилга, улсын өрийн дарамтыг нэмэгдүүлэх шинжтэй энэ төрлийн хөрөнгө оруулалтын төсвийг танах хэрэгтэй. Жишээлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын багцад орсон сумын захиргааны барилга, Боловсролын сайдын багцын сумын соёлын төвүүд байна. Нэмж жагсаавал,
-Үндэсний номын санг буулгах 10 тэрбум 205 сая төгрөг
-Хэнтийн Хэрлэн суманд Ханхэнтий чуулгын барилгад 2.5 тэрбум төгрөг
-Хэнтийн Хэрлэн суманд Орон нутаг судлах музейн барилга 50 сая төгрөг
-Ховдын Үенч суманд Өв соёл хүндэтгэлийн өргөө 1.5 тэрбум төгрөг
-Хэнтийн Мөрөн суманд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга 500 сая төгрөг
Цааш үргэлжлүүлэх ... http://itoim.mn/article/nxAQk/23259