ГАДААДАД ГАЦСАН ИРГЭД бол БИДний л нэг.
Манайхан зарим нь гадаад явсан хүмүүсээ зөвхөн жаргал хөөж л явдаг хэмээн дутуу ойлгоод байх шиг байна.
Тухайлбал, АНУ руу нэлээд олон удаа явсан, сурч байсан хүний хувьд бодит дүр зургийг төсөөлөх боломжтой болгох үүднээс өөрийн мэдэх зарим мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. АНУ-д анх 2001 онд хөл тавьж байсан бөгөөд тэр үеэс л Монголчууд маань үр хүүхдүүддээ сайн боловсрол олгох гэж хичнээн хичээж байгааг олж харж байсан. Тэдний арай хийж олсон, цуглуулсан, зээлсэн мөнгөөрөө явуулсан 10 жилийн хүүхдүүд нь очсон айлдаа дасахгүй, эсвэл айл нь дээрэлхэж тухгүй байлгадгаас болоод тэд нэг байранд 7, 8 уулаа цугларч, хамт амьдрах, англи хэл сурах байтугай элдэв буруу зүйлд автчих гээд хэцүү байдалтай харагддаг байсан. Гэр орныхондоо хэлж болохгүй юу гэхэд аав ээж нь сонсдоггүй, арай хийж явуулсан, яаж ийгээд болго гэдэг гэж ярьж байж билээ.
Монголчуудын маань ихэнх нь “хар” ажил хийх гэж аль 1995-аад оноос хойш АНУ-ыг зорьж байгаа. Багш, эмч, инженер гээд дээд мэргэжилтэй хүмүүс маань Монголдоо цалин сайтай ажил хийж гэр бүлээ тэжээж чадахгүй байгаа учраас л ийнхүү гарсаар байсан. Энэ мэт хар бор ажлыг Солонгос, Чех. Япон, Европын улсуудад гололгүй хийснийхээ дүнд тэд Монгол руу жилдээ дунджаар 200-аад сая ам доллар (эх сурвалж: tradingeconomics.com, remittances in Mongolia increased to 11.50 USD Million in April from 6.30 USD Million in March of 2020.) шилжүүлж гэр бүлээ, улмаар Монголын эдийн засгийг тэтгэж байна. (Цаг хугацаа улиран одохын хэрээр олон Монголчуууд маань бие дааж, өөрийн гэсэн мундаг бизнестэй болсоор байгаа нь бас олон. Энэ тухай дурдах гэсэнгүй учраас орхиё.)
Түүнээс гадна эдгээр хүмүүс маань үр хүүхдүүдээ ясли, цэцэрлэгт явуулахад зардал өндөр учир ялангуяа, дөнгөж нялх хүүхэдтэй болсон айлууд Монголоос аав, ээжийгээ авчирч тус дэмийг нь авдаг. Гэтэл энэ удаад #COVID19 -тэй холбоотойгоор Монголын төр засаг хилээ ГЭНЭТ хаахаар шийдсэн, энэ байдал нь удаан хугацаанд үргэлжилж байгаа тул гадаадад монголчууд маань ГАЦАЖ, байдал хүндрээд байна. Тэнд очсон настай улсууд гэр орондоо ирж чадахгүй байна. Гэнэт бие нь муудсан тохиолдолд тэдэнд эрүүл мэндийн даатгал байхгүй учраас байдал хүндэрч өндөр зардалтай үйлчилгээ авах болно гээд асуудал их...
Энэ мэтчилэн богино, урт хугацаагаар сурах гэж явсан оюутнууд ч мөнгөгүйн улмаас орох орон байргүй, идэх хоол нь хомсдож, олон асуудлууд тулгамдаад байна… Тийм учраас бид тэдний #ХҮНИЙЭРХ - ийн асуудлыг ойлгож засгийн газар, УОК-ыг илүү эрчтэй, шуурхай, тодорхой төлөвлөгөөтэй, мэдээллээ ил тод зарлаад ажиллаасай гэж хүсч шаардаж байгаа юм.