ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС ХӨГЖЛИЙН БОДЛОГО, СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ
/Улаанбаатар хот, 2020.06.05/ Хөдөлмөрийн Үндэсний Нам, Монголын Социал Демократ Нам, Зүй Ёс намын “ЗӨВ ХҮН-Электорат” эвсэл 2020 оны Монгол Улсын их хурлын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө нийт сонгогч олондоо танилцуулж байна.
Монгол оронд сүүлийн жилүүдэд үүссэн ардчиллын болон тогтолцооны гажуудлыг засч, үндэсний язгуур эрх ашиг, түүх соёл, уламжлал, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, тэгш, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах зорилго агуулсан энэхүү мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны зорилтыг ханган биелүүлэх хүрээнд нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн боловсруулав.
Монгол улс, үндэстний өмнө тулгарч буй асуудлуудыг зөв эрэмбэлсэн хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө эн тэргүүнд бид Монгол хэл, соёл, ахуйгаа дээдэлдэг, орчин үеийн технологи, гадаад хэлийг эзэмшсэн, эрүүл, ёс зүйтэй, зөв Монгол хүний хөгжлийг тавьж байна.
Монгол Улс төлөвлөснийхээ дагуу хөгжиж, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхъя гэвэл дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхай, мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарыг мэргэжлийн бодлогоор дэмжиж, эдийн засгаа маш яаралтай тогтолцооны хямрал, авлигын сүлжээнээс ангижруулах шаардлагатай гэж бид үзэж байна. Үүнийг хэрэгжүүлэх төр нь хулгайгүй, популизмгүй мэргэжлийн удирдлагаар багаа бүрдүүлж, эрх зүйт ёсыг дээдэлсэн төрийн алба хаагчдаа нам харгалзалгүй ажиллуулдаг болох учиртай.
Монголоо Монголоор нь хадгалж, зуу зуун жилийн шалгарлаар өвлөгдөн үлдсэн нүүдлийн уламжлалт соёл, Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан Монгол сэтгэлгээ, амьдралын амар тайван хэв маягийг орчин үеийн технологийн хөгжилтэй хослуулсан “Байгальд Ойр Монгол” хөгжлийн загварыг бид хамтдаа бүтээж чадна аа.
Бизнесүүд нь дотоодын жижиг зах зээлд хоорондоо хэт өрсөлдөж, хүч нөөцөө барах бус, дэлхийн зах зээлд өрсөлдөх зарчмыг баримтлах нь чухал тул тулгарч буй асуудлаа эрэмбэлсэн хөгжлийн стратеги боловсруулах шаардлагатайг бид онцгойлон анхаарах болно оо.
Монгол Улсын орчин, нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзвэл дараах 3 чиглэл онц ач холбогдолтой бөгөөд эдийн засаг, нийгмийг хөгжлийн замд нь түргэн гаргахад түлхэц болно гэж бид үзэж байна.
Монголчуудад хурд, хүч, ялгарлыг өгөх дээрх гурван тулгуурт үндэслэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой бодлогын арга хэмжээг дараах 5 бүлэгт ангилан оруулав. Үүнд:
Хүндээ хөрөнгө оруулах - Боловсролтой, эрүүл ЗӨВ Монгол хүн эх орноо авч явна.
Дэлхийн технологийг түрүүлж эзэмших - Шилдэг шинэ технологийг бусдаас түрүүлж эзэмшиж, ашиглаж чадсан цагт гурван сая Монгол гурван зуун сая мэт болж чадна.
Байгальд ойр, зөв хөгжлийн үлгэрлэл - Унаган байгаль, түргэн хөгжлийг хослуулж болдгийн үлгэр жишээг Монголчууд дэлхий ертөнцөд үзүүлж чадна.
Цэвэр төр, авлигагүй улс – Төрөө авлигаас ангид байлгаж, хүчтэй болгож байж Монгол Улс сэргэн хөгжинө.
Баялгаа зөв удирдах - Байгалийн баялгийг эдийн засгийн зөв бодлого л бүгдэд хүртээмжтэй орлого болгоно.
Эх орноо хөгжлийн шинэ шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн хөтөлбөр бидэнд бий. Үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч, эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжилтнүүд бидэнд бий. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шинэ цагаа мэдрэх олон түмэн монголчууд, дэмжигчид та бүхэн минь байна.