УЛС ОРНОО СААРАЛ ЖАГСААЛТАД ХАРСААР СУУГААД ОРУУЛСАН ТӨРД БИЗНЕСМЭНҮҮД ХАРАМСЧ БАЙНА

Өчигдөр МҮХАҮТ-д Монголын эдийн засгийн чуулган 2019 болов. Тус чуулганыг МҮХАҮТ, Монголыг бизнесийн зөвлөл, Захирлуудын зөвлөл хамтран зохион байгууллаа. "Монголын эдийн засгийн форум-2019" уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.30/ МҮХАҮТ-ын "Их Танхим"-д эхэллээ. Энэ удаагийн форумаар “Монгол Улсын өрсөлдөх чадвар", "Бизнес эрхлэхүй" гэсэн хоёр үндсэн илтгэлээс гадна "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: Өнгөрсөн ба ирээдүй" гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх юм байна. Энэ жилийн форумын үндсэн илтгэгчээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судлагааны төвийн захирал Б.Лакшми, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын хөрөнгө оруулалтын бодлого төслийн удирдагч Д.Жигжидмаа нар оролцож буй аж. Энэ удаагийн чуулган Монгол улс саарал жагсаалтад орсон үед болж байгаагаараа онцлог юм. Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлэхдээ “Монголын эдийн засгийн форум-2019″ уулзалт хэлэлцүүлгийг энэ жилийн хувьд “Үндэсний эрх ашиг” сэдвийн дор хувийн хэвшил, түүний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд дангаараа зохион байгуулж байгаа нь онцлогтой юм. Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан.

Гэтэл хүн амын дундах ядуурал, ажилгүйдэл буурахгүй ядуурлын индексээр дундаж орлоготой орнуудаас хангалтгүй үзүүлэлттэй, нийгмийн олон асуудал ужгирч, шийдвэрлэж чадаагүй байгаа нь эдийн засгийн өсөлт хэр зэрэг бодитой, хүртээмжтэй байна вэ гэдэг асуултыг тавихад хүрч байна. Саяхан Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс танилцуулсан улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийн 141 улсаас Монгол Улс өмнөх оноос гурван байраар ухарч, жагссан дүн гарсан. Харин манай хөрш БНХАУ гэхэд 28-д, ОХУ 43 дугаар байранд жагссан байна. Бусад орнууд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бол манай улс энэ чиглэлээр юу ч хийхгүй суугаад байгаа эсвэл өмнөх жилүүдийнхээ ололт амжилтаас нэлээд ухарчээ гэдгийг хэлэх ёстой. Мөн 2019 оны аравдугаар сарын 18-нд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээний байгууллагаас /ФАТФ/ Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулах явцын талаар мэдэгдэл гарган Монгол Улсыг хяналтад байх орнуудын “Саарал жагсаалт”-д оруулсан. Ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой гарч буй шил дараалсан таагүй үр дүнгээс харахад төр засаг шийдвэрлэж чадахгүй, бодитой үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой харагдаж байна” гэсэн юм. Хуралдааны үеэр зарим бизнесмэн нэлээд бухимдалтайгаар шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсныг хэлж байсан бол олон компанийн захирлууд төр чимээгүй суусаар саарал жагсаалтад оруулсан тул хариуцлага хүлээх хэрэгтэйг сануулж байв. Харин хуульчид өнөөгийн хуулиар прокурор дээд шатнаас үүрэг өгөх эрхгүй боловч дээд шатны прокурор доод шатны прокурортоо “наадах чинь хэрэг мөн юм уу” гэж асуухад асуудал шийдэгддэг тогтолцоо байгааг анхааруулж байв. Үүнийг зогсоохын тулд хуульд дээд шатны прокурор доод шатны прокурортой зөвхөн бичгээр харьцаж байх өөрчлөлт оруулах хэрэгтэй аж. Форумаас маргааш зөвлөмж гаргаж төрийн өндөрлөгт гардуулна. Форумын үеэр зарим оролцогчдоос тодруулга авлаа.


(Эдийн засагч)

-Чуулганаас ямар үр гарна гэж үзэж байна.
-Би зохион байгуулагч биш. Оролцогч. Миний бодлоор бизнесмэнүүд байнга уулзаж асуудлын учгийг хэлэлцэж байх ёстой. Энэ чуулганаас маш үнэтэй бөгөөд тодорхой зөвлөмжүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
-Олон жил олон зөвлөмж гарсан даа.
-Харин тийм. Дээр сууж байгаа эрх мэдэлтэй хүмүүсээс л хамаараад байгаа юм. Тэдэнд иргэд холбоод нийлж байгаад маш их шахалт үзүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Форум олширсноор гарах үр дүн нэмэгдэх үү?
-Хүмүүс янз бүрээр дүгнэх байх. Энэ чиглэлийн форум олон байх тусмаа л иргэдэд хүрэх мэдээлэл нэмэгдэнэ. Бас ил байх зарчим хэрэгжинэ.
-Удахгүй болох сонгуулийн тухай ярьж байна уу?
-Сонгууль биш. Сонголт хийхэд нь туслах тухай ярьж байна. Гэнэт өдөр баахан сурталчилгааны материал аваад уншиж ч амжихгүй саналаа өгч болохгүй биз дээ. Тиймээс эртнээс улс орныхоо гадаад, дотоод эдийн засгийн байдлыг үнэн зөвөөр хүлээн авч, тунгаан шүүх боломж олгож байгаа нь давуу тал.
-Форум зохион байгуулагчдын үг олон түмэнд хүрэх үү?
-Үгүй ээ. Форум зохион байгуулагчдын үг биш. Бодит мэдээлэл, мэргэжлийн өндөр түвшинд хийсэн судалгаа, бизнесмэнүүдийн үг олон нийтэд болон төр засагт хүргэх ажиллагаа байхгүй юу.
-Сонголтоо яаж хийх вэ?
-Судалгаагаар хэн, юу хийж байна гэдэг нь харагдана. Хэний үед юу дээшилж, хэний үед юу буурав гэдэг нь харагдана.
-Үүнийг хараад би яах ёстой вэ?
-Хариуцлага тооцох ёстой биз дээ. Дорж муу ажилласан, Дулмаа сайн ажилласан гэдэг нь бодитоор харагдана. Тэгэхээр хэнтэй хариуцлага тооцох нь тодорхой болно биз дээ. Ийм механизмтай болох хэрэгтэй байгаа байхгүй юу.
-Төрд өгөх шаардлагыг чинь авчхаад урьдын адил чимээгүй суугаад байвал яах вэ?
-Тэмцэнэ.
-Барах уу?
-Барна шүү дээ.