Улс төр дэх “Тэгш боломж”-ийг харуулжээ

Улс төрд хүн бүрт тэгш боломж бий юу? хэмээх асуултад хариулсан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канад улсын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр бүтээсэн “Тэгш боломж” баримтат киноны нээлт Туушин зочид буудалд өнөөдөр  /2016.09.20/ боллоо.

Тус баримтат кинонд  УИХ-ын  гишүүн Б.Саранчимэг, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ, ИЗНН-ын гишүүн Д.Бадамханд, 2016 оны сонгуульд  бие даан нэр дэвшсэн М.Нарантуяа /дуучин Нара/, ХҮН-ын гишүүн Б.Мөнхсоёл гэсэн зургаан эмэгтэйн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эхлэн сонгуулийн өдрийг хүртэл кампанит ажлаа хэрхэн өрнүүлж, ямар саад бэрхшээлийг даван туулж байгаа түүхийг харуулжээ.

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн зургаан эмэгтэйн түүхээс сэдэвлэсэн  “Тэгш боломж” баримтат кинонд мөн засаглал, улс төр, жендэр, эдийн засаг, иргэний нийгмийн олноо хүндтэй зүтгэлтэн, мэргэжилтнүүдийн тайлбар яриаг шигтгэж өгсөн байна.

“Тэгш боломж” баримтат киноны зургаан улс төрч эмэгтэйн нэг ХҮН-ын гишүүн Б.Мөнхсоёл “Өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуульд оролцож буй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой эмэгтэйчүүдийн сонгуулийн кампанит ажилд учирдаг бэрхшээлийг олон нийтэд таниулах, улмаар шийдэх гарцыг харуулах төслийн саналыг дуртайяа хүлээн авсан. Учир нь би энэ саналыг маш том боломж гэж үзсэн. Надаас хойш олон эмэгтэйчүүд сонгуульд оролцохыг хүснэ. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдгийг баримтжуулж, иргэдтэй уулзахад хэрхэн хүлээн авч,  ямар их эр зориг шаарддагийг мэдрээсэй гэж хүссэн юм. Тухайн үед хэдий завгүй ажлын ачаалалтай үе таарсан ч бид боломжоороо энэхүү төсөлд оролцсон” гэв.