Ишлэл 01: Мэтгэлцээн

Нэг ийм зүйл бодогдож байна. Аливаа хамт олон, гэр бүлд яриа, мэтгэлцээн байх нь чухал юм. Тухайлбал, нөхөр бид хоёр хааяа нэлээд мэтгэлцдэг. Бүх асуудал, бүх зүйл дээр ижил үзэл бодолтой, адил шийдэлтэй байна гэж байхгүй. Тийм учраас, заримдаа, ялангуяа чухал асуудал дээр өөр өөрийнхөө байр суурийг хамгаалж, мэтгэлцэнэ. Хамгийн гол нь үүнийг эрүүл зүйл гэж хүлээж аван, тухайн үедээ ч бай, дараа нь ч бай эргэцүүлэн бодох хэрэгтэй байх. Гол нь энэ нь амьдралын, ажлын нэг байх процесс гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үгүй бол яах вэ?

Зөв маргалдаж, мэтгэлцэж сураагүй, сонсож, хүлээж авч дадлагажаагүй улс асуудлаа зөв шийдэх, ойлголцох гэхээсээ илүү нэгийгээ давах, дуугай байлгах, дарамтлах, өширхөх, зуух, сөргөлдөх гэх мэт сөрөг, буруу үр дүн гарна. Яваандаа энэ буруу соёл нь талууд, хосууд харилцан ярилцах дургүй болно гэх мэт муу үр дагаварт л хүргэнэ. Нөгөө талдаа, эхнэр, нөхөр нэгийгээ хэт хүлээн зөвшөөрснөөр өөрийгөө гээсэн байдаг. Хэт хүлцэнгүй, өөрийн хүслээр биш байснаар эцэстээ стрессдэх, депрессдэх, цөхрөх, салах болдог. Шал өөр хүн ч болж хувирдаг, сөрөг тал руугаа шүү. Хэт дуугай, өшрөмтгий, зуумттай, хүн уучлахгүй, хамгийн гол нь энэ муу зан үйлээ бусдад гаргадаг...

За ажиглалт, бодлоо л хуваалцсан хэрэг шүү. Мэдээж хүн бүр өөр, гэхдээ бас бодоод үзэхэд илүүдэх юун. Хосууд муудаад ярихгүй байх биш аль болох ярилцах, ойлголцох хэрэгтэй байдаг. Энэ нь баг, хамт олон, найз нөхдийн харилцаанд ч ижил үйлчилнэ. Стрессдэхгүй гээд АСУУДЛААС зайлсхийх нь ШИЙДЭЛ биш юм...