Б.МӨНХСОЁЛ: ДЭНЧИН НЬ НЭР ДЭВШИГЧДЭЭС ГАДНА НИЙГЭМД АСАР ИХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ


Эдийн засагч Б.Мөнхсоёлтой улс төрийн намын санхүүжилт, дэнчин тавих нь нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж болох талаар ярилцлаа.

-Үндсэн хуульд хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэж заасан. Хөрөнгө чинээгээр ялгаварлах нь үүний нэг хэлбэр. Өнөө үед санхүүгийн байдал нь улс төрд орох нэг шалгуур болоод байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгө, санхүүгийн болзол, чадамжийн асуудал нь залуу улс төрчид, эмэгтэйчүүдийг улс төрд ороход хаалт болж байна. Үндсэн хуулиар ямар ч иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл сонгуулийн компанит ажлыг явуулахын тулд маш их мөнгө санхүүгийн чадамж шаарддаг. Энэ нь сонгох, сонгогдох эрхийг боомилж, ардчилсан засаглалыг хүчгүйдүүлж байна.

-Одоогоор сөрөг хүчин болох Ардчилсан нам санхүүжилтийн эх үүсвэрээ зарлаагүй байна. Тус нам сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо 100 сая төгрөг авсан гэдгээ дэлгэсэн. Дэнчин, татварын асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-2012, 2016 онуудад Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагууд сонгуулийн үр дүнд мониторинг хийсэн. Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн төсөвт хийсэн шинжилгээнд “Дэнчин нь нэр дэвшигчдээс гадна нийгэмд асар их сөрөг нөлөөтэй” хэмээх дүгнэлт гарсан.

Сонгогдсоны дараа их хэмжээний зардал гаргасан хүн зардлаа нөхөхийн тулд үйлдэл хийдэг. УИХ-д нэр дэвшигчдийг нийгмийн сайн сайхны төлөө ажиллах болон хязгааргүй эрх мэдэл болох төсвийг захиран зарцуулах, өөрийн тойрог руу татах зорилготой хэсэг гэж ангилж болно. УИХ-ын гишүүн асан “Сонгуулийн зардалд хэдэн зуун саяар төгрөг зарцуулж байгаа хүн эргээд таны төлөө ажиллах уу? Эсвэл төсвөөс мөнгө хулгайлах уу? гэдэгт анхаарал хандуулах ёстой” гэж зөвлөж байсан. Дэнчин, улс төрийн намын санхүүжилт олон жилийн турш яригдсан асуудал боловч шийдэгдэх бус сөрөг тал руугаа улам гүнзгийрсээр байна.

-Их хэмжээний санхүү зарцуулан Улс төрд орж байгаа хүмүүсийн ард ямар аюул, хор уршиг байж болох вэ. Та юу гэж бодож байна?

-Энэ нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудлуудтай холбогддог. Эдийн засгийн аюулгүй байдал улс орны хувьд маш чухал. Зардал гарсан бол буцааж төлөх нь зайлшгүй. Ямар нэгэн байдлаар энэ мөнгө нөхөгдөж байгаа. Улсын өр нэмэгдэж, төсвийн алдагдал жил болгон өсч байгаа энэ үед зөв зүйтэй хууль зүйн орчин бүрдүүлэх Засгийн газрыг бий болгох ёстой. Мөнгө, санхүүгийн байдлаар давуу тал үүсгэж УИХ-д гарч ирэх сонирхол бүхий хэсэг байна. Тэдэнд нийгмийн сайн сайхны төлөө ажиллах зорилго, мэдлэг, чадвар байгаа юу? гэдэг нь эргэлзээтэй. 2020 оны сонгуульд иргэд маш анхааралтай хандах ёстой. Энэ жил нилээдгүй олон хүн нэр дэвших магадлалтай. Иргэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зорилго, нийгэмд юу бүтээснийг нь сайтар судалж сонголт хийх хэрэгтэй.

Эх сурвалж: https://www.urug.mn/news/2478