Монголын эдийн засгийн чуулганы тухай

Монголын Эдийн Засгийн Форумын талаарх ажиглалт. Аливаа хурал цуглаан, яриа хэлэлцүүлэг болоход ҮР ДҮН чухам юу байв гэсэн асуулт тавигдах нь ямар ч ухамсарт хүний хувьд байж болох энгийн асуулт. 2010, 2011 болон 2014 онд тус Форумд панелистаар, 2018 онд чиглүүлэгчээр, бусдад нь байх үедээ энгийн оролцогчоор уригдаж оролцож байсан хүний хувьд энэ чуулганы давуу, сул талын тухайд, мөн сайжруулж болох зүйл дээр бага ч атугай санал бодлоо хуваалцах боломжтой хүн юм болов уу гэж бодлоо. Мэдээж хүн болгоны бодол, харах өнцөг өөр. Манайх олон ургальч үзэл, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улс билээ. Гэхдээ энэ нь тааралдсан хүнээ үл хүндэтгэн доромжлоод, зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд дайраад байна гэсэн үг огт биш, харин харилцан диалог, хэлэлцэлд орж сурахыг дэмжиж буй хэрэг. Доорхийг уншсан, харсан хүмүүс авах гээхийн ухаанаар хандах буй заа.
ДАВУУ ТАЛ:
- Өнөөдөр, ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад шийдэгдэх ёстой олон асуудал байгаа, гэтэл нэлээд олонхи нь ялангуяа, улс төрийн оролцоо, хямралаас улбаалан гацах, царцах, ойлгомжгүй байх гэх мэт нөхцөл байдал үүссэн. Энэ тохиолдолд өрөө өрөөндөө ороод нэгийгээ үгүйсгэн зүхэж суух биш олон талууд нүүр нүүрээ харж сууж байгаад буруу зөвөө ярилцан ойлголцох, болж өгвөл зөвшилцөлд хүрэх амьд механизм байх нь чухал агаад үүний нэг нь Үндэсний хэмжээний энэхүү чуулга гэж хардаг. Энэ бүх хэрэгцээг та бүхэн “Итгэлцэл”, “Сургамж, сорилт, шийдэл”, “Хүчээ нэгтгэе” гэх мэт сүүлийн жилүүдийн Форумын нэршлээс харж гадарлаж буй байхаа.
- Шийдвэр гаргагчид болон бодлого боловсруулагчдад үгээ хэлэх гэсэн, асуудлаа хөндөх гэсэн талуудад, оролцогчдод тодорхой хэмжээнд боломж олгодог. (Панелистаар оролцох, эсвэл нэгдсэн хуралдаан болон салбар хуралдааны Асуулт & Хариултын үеэр)
- Чуулганы нэг давуу тал нь оролцогчдод тэр бүр сонсоод, уулзаад байх боломжгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олны хүндэтгэл хүлээсэн, нэр хүндтэй оролцогч урин нийтэд шинэ тутам мэдээлэл, мэдлэг түгээдэг. Жишээ нь, Эрнандо Де Сото, Аун Сан Су Чи гэх мэт улсууд уригдаж байж.
- Хүмүүс хоорондоо уулзаж мэдээлэл солилцох, танилын хүрээгээ тэлэх, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжоо өргөтгөх, нээх.
- Энэ жилийн тухайд чиглүүлэгчид болон панелистуудын доторх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байлаа. Ялангуяа залуу үеэ оролцох боломж түлхүүтэй олгосон нь шинэ хандлага гэж харлаа. Гэхдээ мэдээж энэ том арга хэмжээний бүх зүйлд балансаа хадгалж, мэдрэмжтэй хандах нь чухал.
- Бас нэг шинэлэг хандлага нь зарим хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, төрийн байгууллагууд хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал байлаа.
- Зохион байгуулалтад оролцсон, хуралд суусан залуус их зүйл сурч байгаа гэж харж байгаа. Сайнаас үлгэрлэж, саараас сургамж авч байж болох. Зарим оролцогчид сэтгэгдлээ хуваалцсан…
СУЛ ТАЛ:
- Зохион байгуулалт төвийг сахьсан байдлаа зарим жилүүдэд алдсаар ирсэн. Тухайлбал, энэ удаагийнх зохион байгуулагч МЭЗФ ТББ-ын дотоод зөрчил даамжран цагийг нь тулган зохион байгуулах шиг боллоо. Тиймээс зарим нэг асуудлууд дутуу хөндөгдөж, зарим талуудын оролцоо сул байсан гэж харсан. Мэдээж, заримдаа энэ нь хөндөгдөж буй сэдэвтэй мөн холбоотой.
- Өмнөх Форумын үр дүнг бодлогын түвшинд хангалттай шийдэх байдал дутагддаг. Тиймээс хүмүүс яриад байдаг, хэлээд хэлэлцээд байдаг so what буюу үр дүн хаана байна вэ гэхэд хангалттай хариулт байдаггүй, бас л нөгөө яригдаад байгаа эргэх холбоо, хариуцлага алдагддаг. Ихэнх асуудлын шийдэл гэхдээ улс төр, засгийн газрын тогтворгүй байдал, төрийн алба, бодлогын залгамж халаа сул, ой тогтоомжгүйтэй холбоотой. Энэ тохиолдолд МЭЗФ ТББ дүгнэлт, тайлбар, шинжилгээгээр хариу барих ёстой юм болов уу.
- Заримдаа мэдээлэл, урилга тараалт, бүртгэл нь хүмүүст оройтож очих, ойлгомжгүй байхаас үүдэн орролцоо сул, оролцох хүсэлтэй хүмүүс хоцордог.
- Зохион байгуулалтын чанар, сэдэв сонголт, улс төр болон бусад хамаарлаас, мөн санаатай санаагүй шалтгаанаас үүдэн Форумын нэр хүнд унах үе бий…
ЦААШИД УЛАМ САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС:
- Олон талт оролцоог хангах. Засгийн газар болон улс төрийн оролцоог зөвхөн агуулгын түвшинд баланстайгаар оруулах, хэн уригдах, хэн чиглүүлэх, хэн панелист байхыг зөвхөн аль нэг намын эсвэл байгуулагдсан Засгийн газрын таашаалд нийцүүлж биш Зорилготойгоо уялдуулах, агуулга, төлөөлөл, оролцоо, тухайн асуудлаарх экспертүүд гээд мэдрэмжтэй, оновчтой сонгоход энэ мэтчилэн боломжийн хэмжээнд анхаарах.
- Санхүүгээ ил тод тайлагнах. Төлбөрөө төлсөн оролцогчдод энэ нь илүү шударга байх бөгөөд энэхүү Форумд итгэх итгэлийг илүүтэй нэмэгдүүлэхийн сацуу дотоод, гадаад зөрчил, маргаан, хардалт, явган яриа, эргэлзээ арилдаггүй юмаа гэхэд багасна.
- Наана нь, нэлээд хугацааны өмнө, жижиг уулзалтууд хийх замаар ярилцах асуудлаа оновчтой тодорхойлж, хэрэгцээт агуулга, сэдэв сонгох.
- Өмнөх Форумаар хэлэлцэж ярьсан, дүгнэсэн, зорьсон ажлуудын биелэлт, хэрэв хэрэгжиж амжаагүй бол тайлбар. Эргэх холбоо үүсгэх.